Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

Description
Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️
Advertising
We recommend to visit

🖤 ️ Eng ѕo'ngι хιт мυѕιclar olaмιga хυѕн ĸelιвѕιz 🥀

Xaммaѕι oldιnda 😅 ѕaвr...❤️

𖤓 хιт мυѕιc 2022+
𖤓 мooмвaн мυѕιc
𖤓 rυѕѕιan мυѕιc
𖤓 вaѕѕ мυѕιc
𖤓 reмιх мυѕιc
𖤓 clυв мυѕιc

💰 Reklama @zayfka_bor

— Аллах Великий!

Научись делать годные видео!

Я покажу тебе, как пользоваться софтом для монтажа и всем остальным, чтобы твои видео были крутыми!

Сотрудничество: @design_guru_bot

Last updated 4 days, 7 hours ago

2 weeks, 6 days ago

Польш улсын засгийн газар Оросын дипломатчидын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав
Польшийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэр дээр Оросын дипломат албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах болсон шийдвэрээ өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Хэдхэн хоногийн өмнө тус улсын аюулаас хамгаалах байгууллага Оросын тусгай албадтай холбоотой ажилладаг хорлон сүйтгэх ажиллагаа төлөвлөж байсан гэх хэд хэдэн хүнийг баривчилсан юм.

Шийдвэрийн дагуу Оросын элчин сайд Сергей Андрееваас бусад бүх дипломат албаны хүмүүс нийслэл Варшав хот орчмоос гадагш зорчих боломжгүй болж байна.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ижил төстэй хариу арга хэмжээ авахаа амлаад Оросын эсрэг үзэлд хэт автсан хэмээн Польшийн эрх баригчдыг шүүмжилжээ.

Харин Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорский ийм арга хэмжээ авсан анхны улс Польш биш гээд цаашдаа өөр олон улс ижил арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр Европын Холбооны гадаад хэргийн сайд нартай Брюссель хотод уулзсаныхаа дараа “Орос улс Европын Холбооны эсрэг, тэд дундаа Польш улсын эсрэг гибрид дайн явуулж байгаатай холбогдуулан Оросын дипломатчидын шилжилт хөдөлгөөнийг манай улсын нутаг дэвсгэрт хязгаарлах шийдвэр гарсныг би зарлаж байна” гэж мэдэгджээ.

Уг арга хэмжээг Оросын тал “маш ноцтой анхааруулга дохио хэмээн хүлээж авна” гэдэгт найдаж байгаагаа Сикорский бас илэрхийлсэн байна.

Варшавт суугаа ОХУ-ын элчин сайд Андреев одоогоор шилжилт хөдөлгөөн хязгаарлах талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байгаагаа хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: AFP.com

3 weeks ago

Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэглэв
Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ.

Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ. Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм.

Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэйгээр өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийгдэх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж:gogo.mn

3 weeks, 1 day ago

ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох хүсэлтэй байгааг Кремльд ойр ажилладаг дөрвөн өөр эх сурвалж баталсныг Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ Киевийн болон Өрнөдийн эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэнэ.
“Путин дайныг шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ бас одоогийн фронтын шугамаар дайныг зогсооход бэлэн байна” гэж Путиний хүрээлэлд ойр ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Баасан гарагт Беларусьт ирсэн Путин энхийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм.
Гэхдээ тэр яриа хэлэлцээг “одоогийн бодит байдалд үндэслэх, дан ганц нэг талын саналд үндэслэх ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба түүний үгийг ирэх сард Украины дайныг зогсоох асуудлаар Швейцарт зохион байгуулагдах олон улсын хурлын зорилгод нөлөөлөх гэсэн “хуурамч дохио” гэж анхааруулсан байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мөн Путинийг Өрнөдийн орнуудаар ялагдлыг хүлээн зөвшөөрүүлэх санаатай байгааг мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Путин батлан хамгаалахын сайдаар эдийн засагч Андрей Белоусовыг томилсон. Өрнөдийн шинжээчид үүнийг Путин улс орныхоо эдийн засгийг удаан үргэлжлэх дайнд дасан зохицуулах зорилготой гэж үзэж байна.
Саяхан Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Орос улс мөнхийн дайныг хүсэхгүй” гэж хариулжээ.
Кремлийн хоёр эх сурвалжийн өгүүлснээр Путин дайны одоогийн үр дүнг хангалттай гэж үзэж байж болзошгүй гэнэ.
Тухайлбал дайны үр дүнг одоогийнхоос илүү ахиулахын тулд үндэсний хэмжээнд цэргийн дайчилгаа явуулах шаардлагатай болох ба ингэснээр өөрийнх нь нэр хүнд унах эрсдэлтэйг Путин сайн ойлгож байгаа гэж мэдээлжээ.
2022 оны есдүгээр сард явуулсан эхний дайчилгааны үеэр олон зуун мянган цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэж, Путиний рэйтинг нэлээд хэмжээгээр буурсан гэдэг. Одоогоор цэргийн дайчилгаа явуулах шаардлага байхгүй, сайн дурынхан болон гэрээт алба хаагчдаар армийн хүчийг сэлбэх нь хангалттай гэсэн Кремлийн байр суурийг Песков бас илэрхийлсэн юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энх тайван тогтоох Путиний саналыг хүлээж авахгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа.
Тэрбээр 2014 онд алдсан Крымийн хойгийг оролцуулаад Украины эзлэгдсэн бүх газар нутгийг чөлөөлөхөө амласан.
Зеленский 2022 онд Путинтэй ямар ч яриа хэлэлцээ явуулах боломжгүйг албан ёсоор зарласан зарлигт гарын үсэг зурсан юм.
Ирэх сард Швейцарт зохион байгуулагдах олон улсын энхийн чуулганаар Украины дайныг хэрхэн төгсгөх арга зам дээр нэгдэх зорилготой байна.
Зеленскийн санаачилсан энэ чуулганд ОХУ-ын ерөнхийлөгчийг уриагүй юм. Оросыг оролцуулаагүй тохиолдолд яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүйг Москвагийн эрх баригчид хариу мэдэгдэж байна.

Эх сурвалж: Reuters.com

3 weeks, 5 days ago

Хятад улс Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ илэрхийлжээ
Даваа гарагт Астана хотод Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцжээ.
Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Хятад улс нь тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Казахстаны хүчин чармайлтыг тууштай дэмжих”-ийг Ван И батлан илэрхийлсэн байна.Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өөрийн баруун хойд хөрштэй холбоотой ижил утга агуулга бүхий мэдэгдлийг хэд хэдэн удаа хийгээд байгаа.
“Хятад улс ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилсан хөгжлийн хэд хэдэн стратеги, чухал арга хэмжээг дэмжиж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа гаднын хүчний эсрэг тууштай зогсох болно” гэж Ван И мэдэгджээ.
Ажиглагчид үүнийг Бээжингээс ОХУ-ын эрх баригчдад өгсөн сануулга гэж үзэж байна.
2022 оны эхээр Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсэн цагаас хойш Казахстаны газар нутгийг тойрсон маргаан Оросын улс төр болон хэвлэл мэдээллийн хүрээнд идэвхтэй хөндөгдөх болсон юм.
Ерөнхийлөгч Токаев энэ өдөр бас ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзсан юм байна.
Ван Итэй уулзах үеэрээ Токаев “Хятадын дипломат бодлого дэлхий дахины үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Казах-Хятадын харилцааны ирээдүй онцгой ач холбогдолтой” гэж хэлснийг Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Казахстаны нийслэлд чуулж байгаа юм.

Эх сурвалж: XinhuaNews.com

3 weeks, 6 days ago

Ираны ерөнхийлөгчийн зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ
Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ.
Гурван нисдэг тэрэгнээс бүрдсэн цуваа Азербайжантай залгаа хилийн бүсээс Табриз хот руу буцах замдаа өндөр уулын бүсэд осолдсон байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан манантай нөхцөлд нисдэг тэрэг газар мөргөсөн байж болзошгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Аврагчид ослын газарт хүрэхэд маш хэцүү байгааг Ираны дотоод хэргийн сайд Ахмад Вахиди мэдээлсэн байна.
Ням гарагийн орой Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер засгийн газрын шуурхай хуралдааныг удирдан зохион байгуулсан тухай IRNA агентлаг мэдээлжээ.
Энэ үеэр аврах ажиллагааг цааш хэрхэн үргэлжлүүлэх арга замыг хэлэлцсэн байна.
Ираны хуулийн дагуу ерөнхийлөгчийн эзгүйд Мохбер орлох үүрэгтэй юм.
Уг осол Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсан цаг үетэй давхцаж байна.
Ираны эрх баригчид олон арван жилийн турш Ливан, Сири, Ирак, Йемен, Палестины газар нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийг ивээн тэтгэж, 1979 оны Исламын хувьсгалын үед гол дайснаараа зарласан АНУ, Израилийн эсрэг ажиллагаануудыг тэднээр гүйцэтгүүлж байгаа.
Өнгөрсөн сард сөргөлдөөн оргилдоо хүрч, Иран, Израилийн талууд харилцан нэг нэгнийхээ нутаг дэвсгэрт агаараас довтолсон юм.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси нь Израиль, АНУ-ын эсрэг хатуу чиг шугам баримтлагч бөгөөд шашны дээд удирдагч Хаменигийн залгамжлагч болох магадлалтай хүнд тооцогддог.
Газын зурваст үргэлжилж буй Хамас-Израилийн дайн Ойрх Дорнодын бүс нутаг дахь дайсагналцлыг улам хурцатгаад байгаа.
Өнгөрсөн сард Райси “Израилийн Сионист дэглэм Палестины ард түмнийг 75 жилийн турш дарлаж байна. Нэгдүгээрт бид хууль бус булаан эзлэгчдийг хөөх, хоёрдугаарт, тэдний учруулсан хохирлыг барагдуулах, гуравдугаарт, булаан эзлэгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэж мэдэгдэж байв.
Израиль улсын тусгай албад Ираны цэргийн удирдагчид, цөмийн судалгааны эрдэмтдийг устгах ажиллагааг олон жилийн турш зохион байгуулж ирсэн түүхтэй.
Ням гарагийн нисдэг тэрэгний осолд Израилийн тал оролцсон гэх шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.
Палестины Хамас зэвсэгт бүлэглэл Ням гарагт ерөнхийлөгч Райсигийн хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлэхдээ “Бид Исламын Бүгд Найрамдах Иран Улстай, түүний удирдагчидтай, засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC.com

3 weeks, 6 days ago

Аргентины ерөнхийлөгч Испанийн ерөнхий сайдын гэргийг “авлигач” гэж нэрлэснээс хоёр улсын харилцаа муудлаа
Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей саяхан Испани улсын ерөнхий сайдын гэргийг “авлигач” гэж нэрлэсний улмаас хоёр улсын хооронд дипломат маргаан дэгджээ.
Даваа гарагт Испанийн засгийн газар Буэнос-Айрес дахь элчин сайдаа буцаан татаж, Аргентины ерөнхийлөгчийг уучлал гуйхыг шаардсан байна.
Ням гарагт Мадрид хотод болсон олон улсын баруунтны удирдагчдын чуулганд оролцохдоо Милей зүүний үзэлтнүүдийг хурцаар шүүмжилсэн юм.
Ингэхдээ Испанийн зүүн төвийн үзэл баримтлалтай засгийн газрын тэргүүн Педро Санчесын үйл ажиллагааг шүүмжилж, түүний гэргий Бегоня Гомезыг “авлигач” хэмээн нэрлэжээ.
“Дэлхийн элитүүд социалист үзэл санааг хэрэгжүүлэх нь ямар хор хөнөөлтэйг ойлгохгүй байна. Учир нь тэд энэ бүхнээс хэтэрхий хол байна. Тэд социализм ямар нийгэм, улс орныг бий болгож, ямар хүмүүсийг эрх мэдэлд хүргэж, ямар хэмжээний хүчирхийлэл авчирч болохыг мэдэхгүй байна. Авлига авдаг эхнэртэй мөртлөө өөрийгөө ажиллаж чадаж байгаа эсэхийг тунгаахад тав хоног зарцуулж байна шүү дээ” гэж Милей энэ үеэр ярьсан байна.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес цаашаа үргэлжлүүлэн ажиллах эсэхээ шийдэхийн тулд дөрөвдүгээр сарын сүүлээр таван өдрийн завсарлага авч байсан юм. Үүний дараа тэр ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргаж байжээ.
Милейн хэлсэн үгийг Санчесын засгийн газар “манай ардчилал, манай институц, Испани орон руу чиглэсэн дайралт” хэмээн буруутгасан байна.
Испанийн гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарес мэдэгдэлдээ Аргентины ерөнхийлөгчөөс уучлал гуйхыг шаардаад “Хэрвээ уучлал гуйхгүй бол бид өөрийн улсын бие даасан байдал, нэр төрийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.
Дараа нь тэр Мадрид дахь Аргентины элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм. Тэр ч байтугай Аргентин улстай дипломат харилцаагаа таслах боломжийг үгүйсгээгүй байна.
“Хэдийгээр ийм арга хэмжээ авахыг бид хүсэхгүй байгаа ч олон нийтийн өмнө уучлал гуйхгүй бол авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно” гэж тэр хэлжээ.
Испанийн талын шаардлагад хариу өгөхдөө Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэл Адорни одоогийн дипломат маргаан бүр гурван долоо хоногийн өмнөөс эхэлснийг тайлбарласан байна.
“Энэ бүхэн тавдугаар сарын 3-ны өдөр Испанийн засгийн газрын сайд Аргентины ерөнхийлөгчийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж гүтгэснээс эхэлсэн юм. Түүнээс хойш бусад сайд нар болон Санчес өөрөө фашист, үл бүтэх этгээд гэхчлэн манай ерөнхийлөгч рүү эцэс төгсгөлгүй дайрсныг би тоочиж чадахаар байна. Зарим хүмүүс уучлал гуйхыг шаардаж байна. Уучлал гуйх шалтгаан байхгүй. Харин бид эсрэгээрээ Испанийн засгийн газраас уучлал гуйхыг шаардмаар байна” гэж тэр мэдэгджээ.

Эх сурвалж: TheGuardian.com

1 month ago

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухрав
Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилал, шударга ёсны үндсэн суурь байдаг бөгөөд энэ утгаараа бид бүгдэд санал бодлоо илэрхийлэх, төр засагтаа болоод эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхэд шаардлагатай бүх баримтыг өгдөг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт орж байсан бол энэ онд 21 байр ухарч 109 дүгээрт бичигджээ.

Тус байгууллагаас гаргадаг уг судалгаанд Монгол Улс 2002 оноос эхлэн орж буй бөгөөд энэ хугацаанд манай улсын хэвлэлийн мэдээллийн салбарт ямар өөрчлөлт орсныг доорх графикт харуулав.Тухайн улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэхдээ

Улс төрийн нөхцөл байдал,
Хууль эрх зүйн орчин,
Эдийн засгийн нөхцөл байдал,
Нийгэм соёлын нөхцөл байдал,
Аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийг ашиглаж байна.
Манай улсын хувьд 2023 онд дээрх таван үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь аюулгүй байдал бол эдийн засгийн нөхцөл байдал хамгийн бага оноо авч, нийт оноог доош татсан гэж болно.

2013-2023 оны хугацаан дахь дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад зөвхөн Монгол гэлтгүй ихэнх улс оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлт буурсан байгаа нь илт байна.

Тодруулбал 2013 онд хэвлэлийн эрх чөлөө “маш сайн” гэсэн ангилалд 26 улс багтаж байсан бол 2023 онд ердөө найман орон л энэ ангилалд багтаж чаджээ. Харин “маш муу” ангилалд 10 жилийн өмнө 20 улс орж байсан бол өнөөдрийн байдлаар 31 улс тус ангилалд багтаад байгаа юм.Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээр байранд Норвеги улс найман жил дараалан орж байгаа бол Эритрей улс хамгийн сүүлд буюу 180 дугаарт бичигджээ.

Сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөтэй зэрэгцэн сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг мөн хөндөж ярих болсон. Он гарсаар сэтгүүл зүйн ажил үүргээ гүйцэтгэж яваад 12 сэтгүүлч амиа алдаж, 569 сэтгүүлч хоригдож байна.

2023 оны хэвлэлийн эрх чөлөөний индекс нь хуурамч агуулга бүхий мэдээлэл хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буйг тодотгосон болохыг RSF тайландаа дурдсан. Судалгаанд оролцсон 180 орноос 118 нь буюу гуравны хоёр нь хуурамч, суртал ухуулгын шинжтэй мэдээлэл тараахад гол төлөв улс төрчид оролцдог гэж мэдээлжээ.
Эх сурвалж: gogo.mn

1 month ago

Эдийн засгаар тэргүүлэгч орнууд 2035 он гэхэд нүүрсэн цахилгаан станцуудаа хаахаар тохиролцов
Их долоогийн бүлгийн удирдагчид мягмар гарагт Италийн Турин хотноо хийсэн уулзалтаараа 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрчээ.

Тодруулбал 2030-аад оны эхний хагаст нүүрсэн цахилгаан станцуудыг бүрэн хааж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар тохиролцсон байна.

Хүлэмжийн хийн ялгарлаас улбаатай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд улс орнууд зорилт тавин ажилласаар байна.

Их долоогийн бүлэгт эдийн засгаар тэргүүлдэг, аж үйлдвэр өндөр хөгжсөн АНУ, Их Британи, Япон, Герман, Франц, Канад, Итали гэсэн орнууд багтдаг.

Уг бүлгийн гишүүдийн хувьд нүүрсэн цахилгаан станцыг хаах талаарх яриа хэлэлцээ олон жилийн турш үргэлжилсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байсан юм.

Бүлгийн гишүүн орнуудаас нүүрсэн цахилгаан станцын хэрэглээ хамгийн өндөр байгаа улс нь Япон буюу эрчим хүчнийх нь нийлүүлэлтийн 32 хувийг эзэлж байна. Харин Франц улсад хамгийн бага буюу 0.4 хувьтай байна.

Их долоогийн бүлгээс гарах уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогууд БНХАУ, Энэтхэг тэргүүтэй Их хорийн бүлгээс гарах бодлого, шийдвэрт нөлөөлдөг.

Эх сурвалж: CNN.com

1 month ago

Удахгүй Хятадад хийх Путиний айлчлалын гол сэдэв Монголоор дамжих хийн хоолойн төсөл байх гэнэ
Тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлээд байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа.
Энэ айлчлалын үеэр талуудын хэлэлцэх гол сэдэв нь Монгол улсын нутгаар дайрах “Сибирийн Хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл байхыг Хонконгийн Өмнөд Хятадын Өглөөний Шуудан сонин албаны эх сурвалжууд дээр үндэслэн мэдээлжээ.Москва-Бээжингийн стратегийн түншлэл өөрсдийнх нь тодорхойлж байгаачлан үнэхээр “хил хязгааргүй” байж чадах уу гэдгийг энэ төсөл харуулах юм.
Хэрвээ уг төсөл хэрэгжвэл ОХУ-аас Хятадын хойд бүс нутагт жилд нийлүүлдэг хийн хэмжээ 50 тэрбум шоо метрт хүрснээр Украины дайны улмаас алдсан Европын зах зээлийг орлох хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа.
Гэхдээ төслийн яриа хэлэлцээний явц удааширч, тодорхойгүй байдалтай байгаа нь Хятадын талын сонирхол бага байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Бас АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын шахалт үүнд нөлөөлж буй гэж үзэж байгаа.
Хятад улс байгалийн хийг АНУ, Австрали, Индонез, Малайз, Катар зэрэг өөр улсуудаас хангалттай хэмжээгээр авдаг. Удахгүй Туркменистанаас хий дамжуулах хоолой ашиглалтад орох гэж байгаа.
Үүнээс гадна Хятад улсад сэргээгдэх эх үүсвэрт шилжих эрчим хүчний шилжилт эрчимтэй хэрэгжиж байгаа юм.
Гэхдээ тус улсын байгалийн хийн хэрэгцээ өссөн хэвээр байгааг тоо баримт харуулж байна.
BBVA группийн ахлах эдийн засагч Дун Жиньюэ “Хэдийгээр эрэлт бага байдаг ч Хятадын засгийн газар байгалийн хийн стратегийн нөөцөө үргэлж нэмэгдүүлсээр ирсэн. Нөгөө талаар Хятадын нар, салхи, усны гэх мэт ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих шилжилт эрчимтэй үргэлжилж байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн онд Хятадын зах зээл 394.53 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэснийг албаны тоо баримт харуулж байна. Улмаар 2030 он гэхэд жилийн хэрэгцээ нь 550-600 тэрбум шоо метр хүрэх тооцоо гарчээ.
Оросын эрх баригчид бас өөр бусад замаар Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал тус улс Казахстаны нутгаар дамжуулан Хятадын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээгээ жилийн 35 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байгааг энэ сарын эхээр Москвад суугаа Казахстаны элчин сайд Даурен Абаев хэвлэлд ярьж байв.
Гэхдээ энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжих боломжгүй гэж судлаачид үзэж байна.
Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаач Ли Лифань “Өрнөдийн эрчим хүчний хориг арга хэмжээ Казахстаны эрх баригчдын санааг зовоож байгаа. Тиймээс энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжиж чадахгүй байх” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж:SouthChinaMorningPost.com

3 months ago

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ
Энэ долоо хоногт Украины дронууд Оросын нийт үйлдвэрлэлийн 12 хувийг бүрдүүлдэг газрын тос боловсруулах хоёр том үйлдвэрт довтолсон билээ.

Үүний улмаас ОХУ-ын зах зээлд бензин, шатахууны үнэ өсөж эхэлжээ.

Тухайлбал Пүрэв гарагт Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээр АИ95 бензиний үнэ сүүлийн зургаан сарын дээд хэмжээндээ хүрч, тонн тутам нь 60,299 рубль болсон байна.

Сүүлийн хоёр өдрийн дотор тонн тутмын үнэ хоёр мянган рублиэр буюу бараг 4 хувиар өссөн нь энэ юм.

Өвлийн дизель түлшний тонн тутмын үнэ 68,946 рубль хүрч, энэ оны хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. АИ92 бензиний үнэ хоёр өдрийн дотор 3.3 хувиар өсөж, тонн тутамдаа 49,578 рубль хүрсэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ болжээ.

Мягмар гарагт Нижний Новгород муж дахь Лукойл компанийн Норси үйлдвэр Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм.

Үүний улмаас Оросын топ таван үйлдвэрлэгчийн тоонд багтдаг тус үйлдвэр хүчин чадлынхаа талаас илүү хувийг алдсан байна. Өнгөрсөн онд уг үйлдвэр 15 сая гаруй тонн газрын тос боловсруулж байжээ.

Маргааш нь буюу Лхагва гарагт Рязань муж дахь Роснефть компанийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллагаа зогссон нь бас Украины дроны халдлагатай холбоотой байв.

Өнгөрсөн онд 13 сая тонн газрын тос боловсруулж, зургаан сая гаруй тонн автобензин, дизель түлш нийлүүлсэн тус үйлдвэрийн

АВТ-4, АТ-6 гэсэн хоёр агрегат халдлагын улмаас эвдэрсэн байна.

Роснефтийн энэ үйлдвэр Москва хотоос 200 км зайд байрладаг бөгөөд нийслэл орчмын бүс нутгийн хэрэгцээний 70 хувийг хангадаг байжээ.

Үйлдвэрийн эвдэрсэн хэсгүүдийг хурдан засварлаж чадахгүй бол зах зээлийн нөхцөл байдал улам муудна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Харин ОХУ-ын эрчим хүчний яам зах зээлд хомсдол үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Түлш шатахууны хангамжид ямар нэг эрсдэл харагдахгүй байна. Дотоод зах зээлийг хангах талаас нь авч үзвэл манайд нөөц хангалттай бий. Тиймээс хомсдол үүсэх тухай яриа бодит байдалтай нийцэхгүй” гэж ОХУ-ын эрчим хүчний дэд сайд Павел Сорокин өчигдөр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TheMoscowTimes.ru

We recommend to visit

🖤 ️ Eng ѕo'ngι хιт мυѕιclar olaмιga хυѕн ĸelιвѕιz 🥀

Xaммaѕι oldιnda 😅 ѕaвr...❤️

𖤓 хιт мυѕιc 2022+
𖤓 мooмвaн мυѕιc
𖤓 rυѕѕιan мυѕιc
𖤓 вaѕѕ мυѕιc
𖤓 reмιх мυѕιc
𖤓 clυв мυѕιc

💰 Reklama @zayfka_bor

— Аллах Великий!

Научись делать годные видео!

Я покажу тебе, как пользоваться софтом для монтажа и всем остальным, чтобы твои видео были крутыми!

Сотрудничество: @design_guru_bot

Last updated 4 days, 7 hours ago